ШИНЖИЛГЭЭНИЙ БҮРТГЭЛИЙН САН (ШБС)-ИЙН ТАВИГДАХ ШААРДЛАГУУД, БАЙРШЛЫН МЭДЭЭЛЭЛ БОЛОН ADAMS-ИЙН ХЭРЭГЛЭЭ
Шинжилгээний бүртгэлийн сан гэж юу болох, үүний зорилго юу вэ?
Спортын төрөл болон тамирчдын гүйцэтгэлийн түвшингээс хамааран МҮДЭБ эсвэл Олон улсын холбоодоос тамирчид болон багуудыг Шинжилгээний бүртгэлийн санд (ШБС) бүртгэдэг. Гол зорилго нь шинжилгээний төлөвлөлтөд туслах явдал юм.
Шинжилгээг ямар ч үед, урьдчилан мэдэгдэлгүйгээр хийх боломжтой байх ёстой бөгөөд Байршлын мэдээлэл нь тамирчдын байршлыг ямар ч үед саадгүйгээр олох болон шинжилгээг үр дүнтэй төлөвлөхөд тусалдаг. Бүртгэлийн санд багтсан бүх тамирчид болон баг Допингийн эсрэг удирдлага, менежментийн системийг (ADAMS) ашиглан улирал бүр хаана байгаагаа мэдэгдэх ёстой. ADAMS нь допингийн эсрэг мэдээллийг найдвартай хадгалах, холбогдох байгууллагуудад хуваалцах боломжийг олгох зорилготой юм. Энэ нь допингийн эсрэг бүх үйл ажиллагаа үр ашигтай, ил тод, үр дүнтэй байхыг дэмждэг.
Байршлын мэдээллийг тухайн тамирчид өөрсдөө эсвэл багийн спортын хувьд багийн менежер нийт багийг төлөөлөн бүртгэж, шинэчилдэг.
Улирлын төлөвлөгөө болон богино хугацааны өөрчлөлтүүд
Байршлын мэдээллийг жилд дөрвөн удаа, дараагийн улирлыг бүрэн хамарч байхаар бөглөх ёстой. Дараах хугацаанд багтаан улирлын мэдээллээ оруулна:
- 12 дугаар сарын 15
- 3 дугаар сарын 15
- 6 дугаар сарын 15
- 9 дугаар сарын 15
Богино хугацааны төлөвлөгөөнд орсон бүх өөрчлөлт эсвэл нэмэлт мэдээллийг нэн даруй оруулж, мэдээлэл үргэлж бүрэн, шинэчлэгдсэн байх ёстой.
Байршлын мэдээллийн талаарх тамирчдад тавигдах шаардлага
Шинжилгээний бүртгэлийн санд байгаа тамирчид дараах үйл ажиллагааны талаар тодорхой хаяг, цагийг багтаасан мэдээллийг системд оруулна.
Гэрийн хаяг эсвэл түр оршин суух газар (өдөр бүр!)
Тамирчид хаягаа маш тодорхой оруулж, тэнд хэдээс хэдэн цагийн хооронд байх уу гэдгээ сайтар тэмдэглэнэ. Энэ хэсэгт хэд хэдэн байршил байж болно. Жишээ нь: Гэр, найз залуу/охины гэр, бэлтгэлийн баазад байх үеийн байрлах байр, тэмцээний үеэр байрлах байр гэх мэт. Өдөрт зөвхөн нэг байршил байж болно. Зочид буудалд байрлаж байгаа үедээ “хаягийн нэмэлт мэдээлэл / өрөөний дугаар” хэсэгт өрөөний дугаарыг оруулах ёстой.
Ажлын байр болон сургууль
Тамирчид ажил олгогч эсвэл сургуулийн хаяг, ажлын болон хичээлийн цагийг оруулна. Дэлгэрэнгүй мэдээллийг “Үйл ажиллагааны дэлгэрэнгүй” хэсэгт бичиж болно. Жишээ нь: Ажлын байр хаана байрладаг, аль өрөөнд хичээл ордог гэх мэт.
Бэлтгэлийн цаг болон бэлтгэлийн бааз
Тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх газрынхаа хаяг, мөн бэлтгэлийн үргэлжлэх хугацааг оруулна. Гадаа спортоор хичээллэдэг тамирчдын хувьд бэлтгэл сургуулилт эхэлдэг газрыг бэлтгэлийн хаягаар оруулах ёстой. Нэмэлт мэдээллийг “Үйл ажиллагааны дэлгэрэнгүй” хэсэгт бичиж болно. Жишээ нь: Би хх орчмоор бэлтгэл хийдэг эсвэл: бэлтгэлийн 1-р хэсэг 400м-ийн зам дээр, бэлтгэлийн 2-р хэсэг жингийн өрөөнд, цэнгэлдэх хүрээлэнгийн хажуугийн шар байрны подвалд. Бэлтгэлийн үеэр баазад хонож байгаа хаягаа байр болгон бүртгэх ёстой.
Тэмцээн
Тамирчид тэмцээн болох газрын хаягийг оруулаад төлөвлөсөн тэмцээнээ тэмдэглэнэ. Жишээ нь: цэнгэлдэх хүрээлэнгийн хаяг, усан бассейн, сургууль/спортын байгууламж, тэмцээний эхлэх/бариа хэсэг хаана байрладаг гэх мэт. Тэмцээний улмаас гэрээсээ хол хонох тохиолдолд тухайн хонох хаягийг байр болгон бүртгэх ёстой.
Бусад тогтмол хийдэг, өдөр тутмын ажлууд болон 2 цаг ба түүнээс дээш аялал
Тамирчид физик эмчилгээ, 2 ба түүнээс дээш цаг үргэлжлэх аялал, бүх агаарын аялал зэрэг тогтмол үйл ажиллагаагаа тэмдэглэнэ. Агаарын тээврийн хувьд “Үйл ажиллагааны дэлгэрэнгүй” хэсэгт нислэгийн дугаар, нислэгийн хуваарийг заавал бичнэ. Нэмж дурдахад, зөвхөн Үндэсний шинжилгээний бүртгэлийн санд (ҮШБС) багтсан тамирчдын хувьд өдөр бүр өглөөний 5.00-аас 23.00 цагийн хооронд аль нэг 60 минутын хугацааг сонгож, тухайн заасан хугацаандаа тодорхой заасан байршилдаа тамирчид байх ёстой.
Хэрэв аливаа өдрийн талаар мэдээлэл оруулаагүй бол МҮДЭБ тухайн тамирчныг үндсэн байрандаа байгаа гэж үзнэ. Богино хугацаанд эзгүй байхыгаа бүртгүүлэх шаардлагагүй. Эдгээр нь жишээлбэл, өдөр тутмын хүнсээ цуглуулахаар дэлгүүр орох зэрэг хамардаг.
Байршлын мэдээллийн алдаа
Тамирчдын хувьд тодорхой бус, дутуу, хуучирсан мэдээлэл, мөн хугацаанд нь мэдээллээ оруулаагүй тохиолдолд шийтгэл хүлээж болно. Дараах 2 төрлийн Байршлын мэдээллийн алдаа байдаг.
- Бүртгэлийн алдаа: Байршлыг зохих хугацаанд нь бүртгээгүй, шинэчлээгүй, эсвэл хангалттай дэлгэрэнгүй мэдээлэл оруулаагүй.
- Шинжилгээнд хамрагдахгүй байх: ҮШБС-гийн тамирчин заасан байршилдаа тогтоосон 60 минутын хугацаандаа байгаагүйгээс болж шинжилгээ өгч чадаагүй.
12 сарын хугацаанд нийт гурван удаа шинжилгээнд хамрагдахгүй байх болон/эсвэл бүртгэлийн алдаа гаргавал Байршлын мэдээллийн алдааны зөрчил гэж тооцогддог бөгөөд ДДЭА-ийн Кодийн 2.4-т зааснаар энэ нь Допингийн эсрэг дүрмийг зөрчсөн гэж үзэн эрх хасах хүртэл шийтгэл оногдуулж болно.