Цэвэр спортын үндсэн ойлголт бол цэвэр тамирчдыг хамгаалах явдал юм. Хориотой бодис, аргыг хэрэглэснээр тамирчид өөрсдийн эрүүл мэндийг хохироохоос гадна зөвшөөрөлгүй өрсөлдөөний давуу талыг олж авдаг. Товчхондоо тэд хуурч байна гэсэн үг юм.
Яагаад допингийн эсрэг дүрэм журам гэж?
Допинг нь эрүүл мэнд, үнэнч байдал, тууштай байдал, шударга байдал, тэгш боломж зэрэг спортын үндсэн үнэт зүйлсийг алдагдуулдаг. Допинг нь тамирчдыг хууран мэхлэх, тэдэнд хор хөнөөл учруулахаас гадна үзэгчид, зохион байгуулагчид, ивээн тэтгэгчдийг спортын шударга өрсөлдөөнийг үзэж байна гэх итгэлийг төөрөгдүүлдэг. Допингийн эсрэг дүрэм, журам нь энэхүү заль мэхийг дарж, хүн бүрт цэвэр, шударга спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэхэд тусалдаг.
“Допинг” гэж яг юуг хэлэх вэ?
Олон нийтийн дунд допинг гэдэг нь хориотой бодис, арга хэрэглэх явдал гэж ойлгогддог. Тамирчдын хувьд өөр олон төрлийн гэмт хэрэг байдгийг ойлгох нь чухал. Тухайлбал, хориотой бодис эзэмших, худалдаалах, допингийн шинжилгээ хийлгэхээс татгалзах зэрэг орно.
Тамирчид яагаад допинг хэрэглэдэг вэ?
Биеийн болон оюун санааны гүйцэтгэл нь спортын амжилтад нөлөөлдөг тул хориотой бодис, аргууд нь өрсөлдөөний давуу талыг бий болгодог. Бүх спортод допинг нөлөөлж чадна. Техниктэй спортод ч гэсэн бие бялдрын сайжруулалт нь нэмэлт амжилт авчирдаг.
Зарим допинг хэрэглэсэн хүмүүс гэмтлийн дараа эдгэрэх хугацааг богиносгох эсвэл гүйцэтгэлээ дээд хэмжээнд нь хурдан хүргэх гэж найдан допинг хэрэглэдэг. Бусад нь илүү их хүч чадал, тэсрэх хүч, тэсвэр хатуужил, эсвэл анхаарал төвлөрөл, түрэмгийллийг нэмэгдүүлэхийг хүсдэг.
Энэ нь янз бүрийн сэдлээс үүдэлтэй. Зарим тамирчид ялагдал хүлээхгүйн тулд допинг хэрэглэдэг харин зарим нь хүлээлтийн дарамтаас болж хэт их ачаалалтай байгаа тул допинг хэрэглэж эхэлдэг. Мэдээжийн хэрэг, илүү их мөнгө олох, нэр хүнд, алдар нэр, бусдад хүлээн зөвшөөрөгдөх нь допинг хэрэглэх шалтгаан байж болох юм.
Допинг хэр аюултай вэ?
Олон тооны хориотой бодис, аргууд нь асар их хор хөнөөлтэй бөгөөд ихэвчлэн тамирчдын эрүүл мэндэд эргэлт буцалтгүй хохирол учруулдаг. Бие махбодийн үр дагавраас гадна сэтгэлзүйн ноцтой гаж нөлөө үүсч болно. Эдгээр допингийн бодисуудын ихэнх нь хараат байдлыг хурдан бий болгож, байнгын нөлөө үзүүлдэг. Илүү ноцтой тохиолдолд тэдгээр нь эрхтэний дутагдлын үр дүнд үхэлд хүргэж болзошгүй юм.
Допингийн үр дагавар юу вэ?
Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллөөс гадна допинг нь өөр өөр ноцтой үр дагавартай байдаг. Допингийн эсрэг дүрэм зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд хориг арга хэмжээ авч, спортоор хичээллэхийг хориглодог. Хувь хүний эсрэг хориг арга хэмжээ авахад ихэвчлэн санхүүгийн асуудал (санхүүгийн дэмжлэгийг зогсоох эсвэл эргүүлэн төлүүлэх), болон хөдөлмөрийн зах зээлд хүндрэл учруулдаг. Гэр бүл, найз нөхөд, ажил олгогч, сургуулийн хамт олны дунд хүндлэл, нэр хүндээ алдах нь нийгмээс тусгаарлагдах шалтгаан болдог.
Ямар хориг арга хэмжээ авч болох вэ?
Аливаа зөрчилд эрх хасах, торгууль болон/эсвэл спортоор хичээллэх эрхийг хасах шийтгэл ногдуулж болно. Үйлдсэн зөрчлөөс хамааран стандарт хориг нь хоёроос дөрвөн жил үргэлжилдэг бөгөөд энэ хугацааг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан нэмэгдүүлж, багасгаж болно. Түдгэлзүүлэх нь зохион байгуулалттай спортын бүх үйл ажиллагаанд хамаарна. Энэ нь дэлхийн даяар, бүх спортод хамаатай.
Допингийн эсрэг тэмцэх хариуцлага хэнд оногддог вэ?
Цэвэр спортын төлөө дүрмийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) олон улсын түвшинд тогтоодог. Олон улсын спортын холбоод, Үндэсний допингийн эсрэг байгууллагууд, Үндэсний олимпийн хороод болон WADA-гийн журамд гарын үсэг зурсан Томоохон арга хэмжээн зохион байгуулагчид хуулийн дагуу үүрэг хүлээдэг. Манай улсад уг журмыг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (МОНАДА) хэрэгжүүлдэг. МҮДЭБ бол допингийн эсрэг тэмцэх бие даасан төв бөгөөд дүрэм журмын хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Энэ нь тамирчдын шударга, тэгш эрхтэй, допингийн хэрэглээгүй спортоор хичээллэх эрхийг хамгаалдаг.